Thursday, August 20, 2009

Шүлэг №2

За ингээд өнөөдөр дээрхэн зохиосон 2 шүлгээ оруулчихая гэж бодлоо.

Яруу бүжиг

Хөгжмийн аяз уянгатайгаар эгшиглэнэ
Хөшиг 2 тийш аяархан нээгдэнэ
Гоёмсог өмсгөлтэй гоо үзэсгэлэнт бүсгүй
Голлон зогсоод гараа эвлэгхэн сунгана

Сэвшээ салхи адил зөөлхөн зөөлхөн хэмнэл
Сэм сэмхэн алхах гоёмсог мөнгөн шаахай
Үүлэн дээгүүр дүүлэх адил эргэлдэхэд
Үзэгчдийн суудал чимээ аниргүйхэн ажина

Хөгжмийн хэмнэл цоглог хийгээд сайхан
Хөнгөн шалмаг бүсгүйн хөдөлгөөн нь гайхам
Гараа алдлан дороо аажуухан эргэхэд
Газраас хөндийрөн, нисэх мэт харагдана

Тэгээд тэр 1 хөлөө өргөдөг
Тэнгэрт дүүлэх адил зөөлөн дээш үсрээд
Буусан даруй намалзан доош суугаад
Буцаад аажуухнаар дээшлэн дээшлэн эхлэдэг

Намуухан гоё аяз аажуухан цаашлана
Намалзан, аажуухнаар гоёмсог бүсгүй дээшлэнэ
Цагаан даашинзтай аядуухан хөдлөх бүсгүй
Цаг хугацаанд гундашгүй солонго гэмээр харагдана

Хөгжмийн аяз уянга яруу эгшиглэнэ
Хөг аяанд нь уусан, сэтгэл хөвөлзөнө
Гоёмсог өмсгөлтэй гоо үзэсгэлэнт бүсгүй
Голлон зогсоод гараа эвлэгхэн сунгана

2009/7/22 Wed 18:19

Жаахан амь

Жижигхэн тэр амьтан гар дээр минь эрхэлдэг
Жиргэдэггүй, нисдэггүй л болхоос яг л шувуухай шиг
Өхөөрдөм, жаахан биетэй ч сэтгэлд минь том зай эзлээд
Өр нимгэн сэтгэлийг минь нэгсэгтээ л шархлуулаад авсансан

Даарч хөрсөн жаахан тэр биед минь налж дулаацна
Даанч жаахан болхоороо тарьсан балгыг нь үл анзаарна
Хойгуур урдуур гүйж, сэтгэл баясган хөөцөлдөөд
Хол жаахан байхаар л түүнийг санаж ганцаардана

Жаахан тэр амь нэг удаа эвгүйрхэв
Жаахан ч хөдөлсөнгүй, гуниглангуй харагдана
Төд удалгүй үлгэн салган алхах аядан байсан
Төвдөж сандран би түүнийг гар дээрээ өргөн авлаа

Цэвдэг хүйтэн бие нь гарт минь мэдрэгдэнэ
Цэхэр хөөрхөн нүд нь бүлтийтлээ ширтэнэ
Туслаач, авраач гэж аврал эрсэн байдалтай
Тун ч зовсон янзтай их л зовиуртай харагдана

Хөөцөлдөж байсан сайхан үе нүдэнд харагдана
Хөөрхий түүнийгээ би нулимстай нүдээр ширтэнэ
Гар дээр минь эрхлэнгүй, бас тамир тэнхэлгүй хэвтэх тэр
Газар дээр байгаа нэгэн жаахан хөөрхөн найз минь юмсан

Зүрхний цохилт нь хуруунд мэдрэгдэнэ, удаахан лугшина
Зүс царай нь гундаж, хөдөлгөөн нь цөөрнө
Сэтгэлд минь том зай эзлэх тэр жаахан амь
Сэрүүн салхитай өдөр нисэн одсон, яг л шувуухай шиг ...

2009/7/23 11:39

2 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Гоё шүлэгнүүд байна шүү. :) Блогтой болсонд баяр хүргэе. Миний блог энэ шүү http://ganaa-it.blogspot.com/

    ReplyDelete

Сэтгэгдэл үлдээж байгаад баярлалаа :]